УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм.
Ирэх онд төсвийн орлого огцом өсөх дүр зураг харагдаж байгаа учраас үүнтэй уялдуулан ирээдүйн хөрөнгө оруулалтыг бодитойгоор бий болгоход анхаарах, татварын орчныг тогтвортой байлгах, төсвийг алдагдалгүй батлах зарчим барих, гадаадын зээл тусламжийг зөв зохистой ашиглаж үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, орон нутгийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, төрийн албан хаагчдын цалинг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтцийг оновчтой болгож, төсөв хэмнэх бүх боломжийг дайчлах шаардлагатай байгааг намын бүлгийн санал, дүгнэлтэд дурдсан байна.
Байнгын хорооны болон намын бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Н.Оюундарь, М.Билэгт, О.Баасанхүү, Б.Баттөмөр нарын гишүүд эдийн засгийн өсөлт, татварын орлогын бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд хэрхэн тооцож тусгасан, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж байгаа эсэхийг тодруулж, цаашид төсвийг алдагдалгүй батлах зарчимд шилжих, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, эгнэ чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн өсөлт 2018 онд 6.1 хувь, 2019 онд 8 хувь байна гэж тооцож байгаа. Валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг хэдий ч энэ нь Засгийн газрын дур мэдэж зарцуулдаг мөнгө биш. Гол нь эдийн засгийн зөв бодлого чухал. Олсноо бүгдийг зараад байж болохгүй, өмнөх өр зээлээ төлөөд зохих хуримтлал бий болгоход анхаарах нь чухал байна. Энэ онд гэхэд гадаадын зээлд тусламжийн хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа.
Эдийн засагт нааштай эхлэлүүд гарч байна, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлж байна. Энэ нь зөв бодлогын үр дүн гэж үзэж байгаа. Засгийн газар арилжааны банкуудаас огт зээл авахгүй байгаа, тэр хэрээр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зээл хүрч байна гэсэн үг. Мөн төсвийн мөнгийг арилжааны банкуудад байршуулсан байсныг буцаан татаж төрийн санд төвлөрүүлсэн. Ингэснээр Засгийн газрын хөрөнгө, санхүүгийн удирдлагыг оновчтой болгож чадсан. Зээлийн хүү бага ч гэсэн буурч байгаа, цаашдаа энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллана. Үүний үндсэн нөхцөл нь эдийн засгийн зөв бодлого юм. Өр зээлийн түвшин өндөр, төсвийн алдагдал их байхад зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих боломжгүй, энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг.
Татварын орчныг тогтвортой байлгах, бааз суурийг өргөтгөх, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс татварын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Ганц баримт дурдахад 398 аж ахуйн нэгж нь манай татварын орлогын 85 хувийг бүрдүүлдэг, иймээс татварын бааз суурийг өргөтгөх, нөөцийг дайчлах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэллээ.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн уялдааг хангахад Эдийн засгийн байнгын хороо анхаарах, шаардлагатай бол хоёр Байнгын хороо хамтарч хуралдах чиглэлийг хуралдаан даргалагч өгөв.