Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай мэдэгдлийг шил дараалан хийлээ. Хэдийгээр УИХ-ыг тарааж, хариуцлагагүй улстөрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ хэмээн хэлж байгаа ч бай арай өөр зүйлд чиглэгдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараахаас өмнө уг “дайрлага”-д шинэхэн Засгийн газар өртөх магадлал маш их.
УИХ-д суудалтай АН-ын есөн гишүүн дээр Ж.Эрдэнэбатын 32-ын бүлэг нэмэгдэх нь тодорхой. Зөөлөн сэнтийгээс хүчээр буугсад буюу гомдогсодын тэргүүн эгнээнд зогсч буй Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын сайдууд мөн л У.Хүрэлсүхийн эсрэг кнопыг дарах нь хэнд ч ойлгомжтой байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн толгойлж буй “Ардын Засгийн газар” өдөө нэлээд хүчтэй ганхаад байгаа нь үнэний ортой бололтой.