“People” сэтгүүлээс 2017 оны шилдгүүдийг шалгаруулах “People awards” гэх ёслолыг хийсэн юм. Тус ёслолын ажиллагаанаас салбартаа хийж бүтээсэн ажилтай, олныхоо төлөө зүтгэсэн олон эрхэм шилдгээр шалгарсан. Зарим нь ч дарга нарт зориулсан шагналууд байв хэмээн үнэлж, дүгнэх олон хүн байсныг нуух юун. Үүний нэг жишээ нь, “Оны шийдэл сайтай, хариуцлагатай улстөрч”-өөр Нийслэлийн Захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд тодорчээ. Түүнийг ажлаа авсан цагаасаа эхлэн нийслэлд маш олон санал, санаачилга гарган нийслэлчүүдийн талархалыг хүлээсэн түшээ хэмээн үнэлж.
Мөн түүнийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан гурван захирамж нь олон нийтэд илүү таалагдсан гэнэ. Тодруулбал, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргаснаар утаа буурсан уу гэвэл үгүй. Харин ч өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарсан байна билээ. Хотын даргын захирамж гарсан гараагүй хотыг зоригсодын цуваа үл тасарна.
Хотын даргыг иргэд нь цас тоолж, нохойд спираль тавьж, зүүн тийш эргэхийг хориглосон 14 хоногийн шийдвэр гээд иргэдэд ээлтэй бус халгаатай олон шийдвэрийг гаргасан гэж үзжээ. Энэ дүгнэлтийг олон нийтийн цахим сүлжээнд тавьсан иргэдийн сэтгэгдлээс төвөггүйхэн харж болохоор байна. Түүхэн дэх “хамгийн муу” хэмээн өргөмжлөгдөөд буй хотын даргыг маань “дур эзнээ голохгүй гэдэг шиг шагнал ч эзнээ голдоггүй юм байна” хэмээн сошиал ертөнцийнхөн дүгнэжээ.