Энэ парламентад бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан цор ганц хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Дуучнаас УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн энэ эрхэм хаврын чуулганы хамгийн идэвхгүй, хуралдаа суудаггүй гишүүдийн нэгээр тодорсон. Улс төрийн нөхцөл байдлыг ажиглаж үе үехэн, сэм сэмхэн байр сууриа илэрхийлж л олны өмнө гардаг болж.
Өчигдөрхөн тэрбээр Төрийн ордноо сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэв. Ямартаа ч мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг унасны дараа муулах гишүүдийн цувааг тэрбээр үргэлжлүүллээ. Үгийн сайхныг урсган байж “Би монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна” хэмээн олон нийтэд ч зарлаад амжив.
Хар гэрт сууж, хамаг махаа барж, төрийн ордонд хонож, төрсөн биеэ зовоохын оронд эрхэм гавьяатад хийх ажил зөндөө л байсан байх. Ямартаа ч УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаанд хийж бүтээсэн нь энэ гээд нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл бараг л алга. Ингэж хүний эрхэнд ядарч явахаар уран бүтээлээ хийгээд олон түмнийхээ сонорыг мялаасан бол илүү дээр ч байсан байж болох л юм.